АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа. https://www.facebook.com/dundgobi7059106/videos/3896324903935684
Хурлаар Засаг даргын шуурхай үүрэг даалгавар болон Асуудал – Шийдэл бүлгэмийн шийдвэрлэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал танилцуулав. Асуудал – Шийдэл бүлгэмд 131 иргэнээс 198 санал, хүсэлт ирсэн байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сумдыг Асуудал Шийдэл бүлгэм ажиллуулж, иргэдийн гомдол, саналыг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллахыг сумдын удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн хурлаар 2025 оны төсөв, анхаарах шаардлагатай асуудлууд, аймгийн хэмжээний өргөдөл гомдлын шийдвэрлэлт, мэдээллийн ил тод байдал, томуу томуу төст өвчний нөхцөл байдал, цэргийн бүртгэлийн талаар холбогдох удирдлага, мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм.
Хурлаар аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун
- Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд байгууллагуудын Монгол бичгээр гаргаж буй албан бичигт хяналт тавьж, хамтран ажиллахыг аймгийн Хэлний бодлогын зөвлөлд чиглэл болголоо.
- Халаалтын уурын зуухнуудын үнс ачилтын стандартыг гарган, мөрдүүлэх, ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг одооноос сайтар ханган, дулааны улиралд засвар үйлчилгээг сайтар хийх талаар үүрэг, чиглэл өгөв.
- Электрон тамхийг худалдан борлуулахыг хориглох нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа аж. Иймд электрон тамхийг насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулахгүй байх асуудалд хяналт тавихыг Цагдаагийн газар, Боловсролын газар, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст үүрэг болголоо. Худалдан борлуулсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах зэргээр хариуцлага тооцохыг анхааруулсан юм.