loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДУНДГОВЬ АЙМАГТ “ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ БА БҮТЭЭЛЧ УР ЧАДВАР” БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,  ОНОЛ-ПРАКТИКИЙН XIII БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА | HuduuMN

ДУНДГОВЬ АЙМАГТ “ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ БА БҮТЭЭЛЧ УР ЧАДВАР” БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ-ПРАКТИКИЙН XIII БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2026-11-06

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг багш нарын эрдэм шинжилгээ-онол практикийн XIII бага хурал өнөөдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо болж байна.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, орон нутгийн боловсролын салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болохыг онцлон, хүүхэд бүрийг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, бүтээлч, шинийг эрэлхийлэгч болгон төлөвшүүлэхэд багш нарын оролцоо, сургалтын шинэ арга зүй чухал болохыг онцлов. 

Энэ удаагийн бага хурал “Хөтөлбөрийн шинэчлэл ба бүтээлч ур чадвар” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсролын газар, Ерөнхий боловсролын Мандал сургуулиуд хамтран зохион байгуулж байгаа юм. 

Бага хурлын зорилго нь инженер технологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн багш, судлаачдын дунд харилцан туршлага солилцох, мэдлэг хуваалцах, багшийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл болон сургалтын арга зүйн талаар санал бодлоо солилцоход чиглэж байна.

Бага хурлын эхний хэсэгт МГТИС-ийн Математикийн профессор, Механик, цахилгааны инженерийн факультетийн декан Л.Алтангэрэл “Герман мэдлэг-Монгол ухаан”, “Математик ба хиймэл оюун” сэдвээр, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Д.Улам-Оргих “E=Mc² – Тунхаг биш хөдөлгүүр! Тунхагаас эгэл үйлдэл, эгэл үйлдлээс шинэ тогтолцоо” сэдвээр, МГТИС-ийн Англи хэлний профессор Ч.Гүнпилмаа “Ангарагт үйлдвэрлэв” биш юм бол...” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, боловсролын салбарын судалгаа, сургалтын арга зүй, инновацын асуудлаар оролцогчид санал солилцлоо. Мөн үдээс хойш байгалийн ухаан болон англи хэлний салбар хуралдаануудаар үргэлжилнэ. 

Тус бага хурал нь боловсролын

 байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш нарын мэргэжлийн хөгжил, сургалтын чанар, бүтээлч сэтгэлгээг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. 
See less