Дундговь аймагт зохион болж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр танхимын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад танхимаар аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нар, сумдын Засаг дарга нар, байгууллагын удирдлагууд зэрэг 92 хүн, цахимаар гамшгаас хамгаалах 14 албаны штабын бүрэлдэхүүн 98 хүн, 15 сумын Онцгой комиссын 218 гишүүн оролцов.
Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг удирдан явуулж, “Гамшгийн эрсдэлийн удирдлага”, “Гамшгийн үеийн шуурхай удирдлага, зохион байгуулалт”, “Газар хөдөлтийн нөхцөл байдал”, “Цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн үеийн хариу арга хэмжээ”, “Мал, амьтны гоц халдварт өвчний үеийн хариу арга хэмжээ”, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, хамтын ажиллагаа”, “Гамшиг, ослын үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”, “Нүүлгэн шилжүүлэх хуаран”, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ”, “Анхны тусламж”, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, алба мэргэжлийн ангийн харилцан ажиллагаа”, “Гал түймрийн аюулт үзэгдэл, хариу арга хэмжээ”, “Нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ, хуарангийн зохион байгуулалт”, “Гамшиг, онцгой байдлын үеийн олон нийттэй харилцах арга” зэрэг сэдвээр мэдээлэл, чиглэл өглөө.
Сургалтыг зохион байгуулснаар болзошгүй гамшгийн үед аймаг, сум, баг, мэргэжлийн анги, төрийн байгууллага болон иргэд хэрхэн нэгдсэн удирдлага, шуурхай мэдээллийн тогтолцоогоор хамтран ажиллах талаар дадлага, арга зүйн зөвлөмж өгөв. Иж бүрэн сургуулийн хүрээнд энэ сарын 21-нд танхимын дадлага сургуулилт, 22-нд гамшгийн үеийн дадлага ажиллагааг зохион байгуулна.