Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга хурандаа Ж.Ванчинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай уулзаж, холбооны зорилго, үйл ажиллагааны чиглэл, сургалт сурталчилгааны ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтад аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан, Зэвсэгт хүчний 278 дугаар тусгай салбарын захирагч, дэд хурандаа М.Аскербек, Цагдаагийн газрын дарга, хурандаа М.Чинбат нарын төлөөлөл оролцов.
Арга хэмжээний хүрээнд Дундговь аймаг дахь Монгол цэргийн нэгдсэн холбооны салбар холбооны нарийн бичгийн даргыг сонгох, удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзах, холбооны үйл ажиллагааг танилцуулах, салбар холбооны хурлыг зохион байгуулж, удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн сонгох ажлыг зохион байгуулсан юм. Энэ үеэр Дундговь аймаг дахь Монгол цэргийн нэгдсэн холбооны салбар холбооны нарийн бичгийн даргаар Б.Умааханыг томилолоо.
Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулж, “Эх орны үнэ цэн”, “Монгол цэрэг-Энхийн үйлсэд” сэдвээр Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга хурандаа Ж.Ванчинсүрэн, “Эх оронч үзэл-Үндэсний аюулгүй байдлын үндэс болох нь”, “Тархиа цэцэглүүл” сэдвээр МУСГЗ, ЦНХ-ны УЗГ, доктор /PhD/, Нэгдсэн Монгол ТВ-ийн ерөнхий захирал, соён гэгээрүүлэгч лектор Ж.Цогтсугар нар сургалт, сурталчилгаа явуулав.
Сургалт, арга хэмжээний хүрээнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх түүх, өв соёл, үндэсний бахархлыг сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг Дундговь аймагт зохион байгуулсан юм.
See less