ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ, ОРОН НУТГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Дундговь аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, гамшгийн эрсдэлийн удирдлага, уул уурхайн салбарын хяналт шалгалтын хэрэгжилт болон аймгийн цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа.
2026 оны 8 дугаар сарын байдлаар Дундговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 80 орчим хувийн хэрэгжилттэй байна. Эрчим хүчний салбарын төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хэрэгжиж, дулаан хангамжийн бэлтгэл хангагдсан бөгөөд инженерийн шугам сүлжээ, өвс, тэжээлийн нөөц, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг төлөвлөгөөний дагуу ханган ажиллаж байна.
Уулзалтын үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц болон улсын дэмжлэг шаардлагатай асуудлуудыг танилцууллаа.
Шадар сайдын дэмжлэг авсан асуудлууд:
Говь-Угтаал суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулах
Хог шатааж, дулаан үйлдвэрлэх үйлдвэрийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх
Аймгийн хүн амын ундны усны эх үүсвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авах
Цаашид шийдвэрлүүлэхээр уламжилсан асуудлууд:
Аймгийн төвийн 19 км авто замын их засвар
Аймгийн төвийн дулааны станцын барилгын ажлыг бүрэн дуусгах
Сайнцагаан сумын дулааны станцын II хэлхээний барилга
8 сумын Эрүүл мэндийн төвийг тоноглогдсон автомашинаар хангах
Говь-Угтаал сумын сургуулийн дотуур байр
Өлзийт, Дэрэн сумын спорт заалны засвар
Луус, Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрхангай сумдын сургуулийн их засвар
Шадар сайд Н.Номтойбаяр орон нутгаас тавьсан асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.