УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, УУРХАЙН ХААЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ХБНГУ-ын Холбооны Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн /BGR/-ийн Environmentally Responsible Mining /ERM/ төсөл болон Ногоон Титэм ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн иргэд, малчид, төрийн байгууллага, сумдын удирдлага, уул уурхайн компани болон холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллийг хамруулсан “Уул уурхайн нөхөн сэргээлт, уурхайн хаалтын журам”-ыг боловсруулах чиглэлээр оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт Дундговь аймагт боллоо.
Уулзалтад Баянжаргалан, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Сайнцагаан сумдын удирдлага, Байгаль орчны мэргэжилтэн, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн, Иргэний нийгмийн байгууллага, малчид, уул уурхайн төлөөллүүд оролцон, хэрэгжилтийн зөрүү, тулгамдсан асуудал, шийдлийн хувилбаруудыг хамтран тодорхойлж, байгаль орчинд хариуцлагатай уул уурхайн практикт цаашид ашиглах журмыг боловсруулах болон хэрэгжүүлэх явцад тулгарч болзошгүй асуудлын хүрээнд багийн ажлаар ярилцан санал солилцсон юм.
Мөн энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Орчны бохирдлын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Ө.Мөнхбаяр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай шинэ хууль, холбогдох журмын талаар танилцуулав.