loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН “ХҮН БҮРД ТЭГШ ХҮРТЭЭМЖ” БАГА ЧУУЛГАН ЭРДЭНЭДАЛАЙ СУМАНД БОЛЛОО | HuduuMN

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН “ХҮН БҮРД ТЭГШ ХҮРТЭЭМЖ” БАГА ЧУУЛГАН ЭРДЭНЭДАЛАЙ СУМАНД БОЛЛОО

2026-05-28

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН “ХҮН БҮРД ТЭГШ ХҮРТЭЭМЖ” БАГА ЧУУЛГАН ЭРДЭНЭДАЛАЙ СУМАНД БОЛЛОО

Dundgovi Erdenedalai Zdtg

Баруун бүсийн сумдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хүн бүрд тэгш хүртээмж” уриатай бага чуулганыг Эрдэнэдалай сумын Засаг даргын ивээл дор зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Дэлгэрцогт, Сайнцагаан, Хулд, Эрдэнэдалай сумдын нийт 74 иргэн оролцов.

Бага чуулганыг Эрдэнэдалай сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлөөс Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, “Эрдэнэдалай миний нутаг” ТББ-тай хамтран зохион байгуулсан юм.

Чуулганы хүрээнд “Хүний эрх”, “Хүний хөгжил-Бидэнд хүч бий”, “Хөнгөлөлт, тусламж, хөдөлмөр эрхлэлт”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, сэргээн засах эмчийн үзлэг, зөвлөгөө, сэтгэл засалч болон хөдөлгөөн засалчийн үйлчилгээ үзүүллээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт” сургалт зохион байгуулж, хүүхдийн 1, 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд улны нум хэмжилт хийж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Үүнээс гадна байнгын асаргаатай 2 иргэний гэрт очиж эмчийн үзлэг, зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллалаа.

Үйл ажиллагааны үеэр “Хүн бүрд тэгш хүртээмж” хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдоос дэвшүүлсэн санал, асуудалд үндэслэн зөвлөмж боловсруулав.

Мөн суугаа волейболын тэмцээн зохион байгуулж, 1 дүгээр байрт Эрдэнэдалай сум, 2 дугаар байрт Сайнцагаан сум, 3 дугаар байрт Хулд сумын баг тамирчид шалгарсан юм.