loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Аравдугаар сарыг хөөмийн сар болголоо

2024-10-14

 Ховд аймаг хөөмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор аравдугаар сарыг хөөмийн сар болгон зарлалаа.


Хөөмийг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэжээ. Мөн 2019 онд Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол хөөмийг Гиннесийн номд бүртгүүлж байсан түүхтэй.


Ховд аймгийн ЗДТГ, Соёл урлагийн салбар байгууллагаас аравдугаар сарыг Хөөмийн сар болгон зарласантай холбогдуулан энэ сарын турш “Монгол хөөмий” сэдэвт боловсрол танин мэдэхүйн үйл ажиллагаа зохион байгуулж байна. 


Тодруулбал, хөөмийн урлагийг хөгжүүлэх, хүүхэд, өсвөр, залуу үеийнхэнд хөөмийг танилцуулах ажлын хүрээнд Музейн ажилтнууд, өвлөн уламжлагч Г.Бямбаатай хамтран өчигдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагчдад хөөмийн үүсэл хөгжил, хөөмийлөх техник, ур чадварын талаар анхан шатны мэдлэг олгожээ.


Мөн хөөмийн шилдэг өвлөн уламжлагчдыг цахим хуудсаар дамжуулан танилцуулж, өв соёлоо сурталчилж байна.