loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХОВД: Заган ойн эзлэх талбай нэмэгдэв | HuduuMN

ХОВД: Заган ойн эзлэх талбай нэмэгдэв

2026-03-16

Ховд аймгийнхан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлыг эрчимжүүлж, өнгөрсөн хугацаанд 1 сая гаруй мод тарьжээ. Мөн ойн сангийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор голын ай сав дагуу 700 гаруй га талбайд татмын ойжуулалт хийсэн байна.  

Монгол Улсын хувьд ой нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахаас гадна орон нутгийн иргэдийн амьжиргаа, уламжлалт мэдлэг, тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг юм. Иймд ойг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг байгаль орчны салбарынхан онцолж байна.

Ой мод бол хүний эрүүл, аз жаргалтай амьдрахад маш чухал байгалийн нөөц юм. Нар, салхи, цас, бороо, зэрлэг амьтад болон хүн төрөлхтний оролцоотой нөхөн сэргээх боломжтой байгалийн нөөцөд ордог. Тиймээс ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах, эерэг хандлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын ойн өдөр" болгожээ. Энэ онд дэлхий нийтээр “Ой ба эдийн засаг” уриан дор тус өдрийг тэмдэглэх юм. 

Монгол Улсын ойн сан нь нутгийн хойд хэсэгт тархсан шилмүүст, навчит ой, нутгийн өмнө талын говь, цөлийн бүсэд тархсан заган ойгоос бүрдэнэ. Судалгаагаар Ховд аймгийн ойн сан  812.9 мянган га талбайг эзэлж байна.


2011 оны тооллогоор ойн сангийн талбай 799.751 га байсан бол 2020 онд 812.921 га болж, 13170 га талбайгаар нэмэгджээ. Тодруулбал, заган ойн талбай нэмэгдсэн байна. Мөн Ховд болон Мөнххайрхан сумын улиас мод, балган модыг ойн санд шинээр бүртгэжээ.    

 Ойн санг бүрдүүлэн ургаж буй модны зүйлийн бүрдлийн хувьд шинэс мод 4806 га буюу талбайн 2.0 хувийг эзэлж байна. Мөн хус мод 234 га буюу 0.1 хувь, улиас 131 га буюу 0.05 хувь, бургас 3182 га буюу 1.3 хувийг эзлэн ургаж байгаа юм. Харин заг мод хамгийн их, 223.327 га буюу 96.4 хувийг эзэлж байна. Заг мод говь цөлийн хөрс хамгаалах, элсний нүүдлийг барьж тогтоох зэрэг олон давуу талтай.   
Ховд аймгийн ойн сан бүхэлдээ хамгаалалтын бүсийн ангилалд ордог. Нас, модны төрлөөрөө ижил боловч хөрс, уур амьсгалын өөр өөр нөхцөлд ургаж байгаа модод нь өндөр, бүдүүн, модлогийн чанараар ялгаатай байгаа юм.  

Ховд аймагт 17 сум бий. Үүнээс Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Зэрэг, Алтай, Үенч, Булган гэх мэт 11 сумын нутаг дэвсгэр ойн сангийн талбайд багтдаг.