loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Гадаргын уст цэг 1800 гаруй бий | HuduuMN

Гадаргын уст цэг 1800 гаруй бий

2026-03-16

Судалгаагаар Ховд аймгийн нутаг дэвсгэрт гадаргын уст цэг 1838 байна.
Гол мөрөн 256 байгаагаас сүүлийн гурван жилд зургаа нь хатсан байна. Мөн 131 нуур тойрмоос гурав нь хатжээ. Булаг, шанд хамгийн их буюу 1,393-аас сүүлийн гурван жилд 61 нь хатаж, 17 булгийн эхийг хашиж хамгаалж, наймыг нь сэргээсэн байна. Мөн 45 рашаан, 12 усан сан, хөв цөөрөм бий бөгөөд үүнээс таван хөв цөөрмийг өнгөрсөн онд шинээр байгуулжээ.

Уст цэгийн усны хэмжээ багасах, хатаж ширгэх, сэргэх зэрэг нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Хур бороо ахиу ордог хэсэгт сэргэж, тал хээрийн бүслүүрт ширгэх нь илүү ажиглагдаж байна. Мөн малын тоо нэмэгдсэнээр жижиг булаг шанд малын хөлөөр дарагдах тохиолдол бий. Иймээс булгийн эхийг хамгаалах, урсцыг нэмэгдүүлэх ажлыг аймаг, сум, орон нутгаас олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.


Монгол Улсын хэмжээнд нэг сум нэг нуур буюу 333 нуур гэдэг аян өрнөж байна. Одоогоор Монгол Улсын хэмжээнд 20 км тутамд нэг худаг байна гэсэн судалгаа гарсан байна. Ховд аймгийн төвд л гэхэд 444 худаг бүртгэгджээ.
Цаашид усны үнэ цэнийг иргэдэд таниулах, усыг ашигласан бол төлбөрөө төлдөг болох, шар усыг хуримтлуулах, Ховд аймгийн нутаг дэвсгэрт байгаа гадаргын уст цэгүүдийн тооллого судалгааг нарийвчлан хийх зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн тухай Байгаль орчны газраас мэдээллээ.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр” тохиодог. Энэ жил “Ус ба тэгш эрх” уриалга дэвшүүлжээ.

Ус бол байгаль дэлхийн хамгийн үнэт баялаг, амьдралын салшгүй хэсэг билээ. Дэлхий дахинд усны нөөц хомсдож, олон сая хүн цэвэр усаар дутагдаж байна. Усны бохирдол, хэт их хэрэглээ, байгаль орчны доройтол нь ирээдүйд заналхийлж буй. Иймээс усны үнэ цэнийг ойлгож, усны нөөцийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг юм.


Иргэд өдөр тутмын амьдралдаа усыг хэмнэх, усыг бохирдуулахгүй байх, байгаль орчноо хамгаалах зэрэг энгийн үйлдлийг хийснээр усны нөөцийг хамгаалахад хувь нэмрээ оруулж чадна. Ус бол зөвхөн өнөөдрийн хэрэгцээ биш, харин ирээдүй хойч үедээ үлдээх үнэт өв юм.


Дэлхийн усны өдрийг угтаж Ховд аймгийн бүх сумыг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тухайлбал, эко клубийн сурагчидтай хамтран усны тоолуур болон ус ашиглагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн судалгаа гаргаж, усны үнэ цэнийг сурталчлах уралдаан тэмцээн өрнүүлэхээр төлөвлөжээ. 


Иргэд гадаргын усыг түлхүү хэрэглэж, гүний усаа хайрлан хамгаалахыг Байгаль орчны газраас уриаллаа.