Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс 2025 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Ирэх сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Мөн хур тунадас нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Тухайн сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах боловч шөнөдөө хүйтэн жиндүү байдал хэвээр хадгалагдана.
Цаашдаа сарын хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, олон жилийн дунджаас 3–6 градусаар хүйтэн байна. Бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй.
Тухайн сарын нэгдүгээр арав хоногийн сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр цас орж, зарим газраар салхи, цасан шуурга шуурч болзошгүй юм.
Ирэх сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа нь өвөлжилт хүндрэх нөхцөл үүсэх магадлалтай тул малчид, тээвэрчид, иргэдийг цаг агаарын нарийвчилсан мэдээ мэдээлэлтэй тогтмол танилцаж, эрсдлээс сэргийлэхийг анхаарууллаа
Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлнэ.
Агаарын температурын сарын дундаж утга нь олон жилийн дунджаар Алтайн өвөр говиор -12-18 градус, бусад нутгаар -18-24 градус хүйтэн байдаг.