Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын гэр хорооллын бүсэд 5700 гаруй өрх бий.
Тэд өвлийн улиралд дунджаар 11700 тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэх судалгаа гарчээ.
Гэр хорооллын иргэд утаа гаргаж агаар бохирдуулахгүй, ил жорлон бий болгож хөрс бохирдуулахгүй хашаандаа хаустай, тохилог амьдрах боломжийг бүрдүүлэхээр 2019 оноос эхлэн “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийг Ховдод хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох, эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй амины орон сууцны жишиг загварыг нэвтрүүлэхэд чиглэсэн ажил өрнөж буй.
Тодруулбал, сүүлийн таван жилийн хугацаанд Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Тахилт, Алагтолгой, Хайрхан, Бугат, Буянт багт цэвэр, бохир усны 67700 метр шугам холбожээ.
Мөн 503 өрхийн байшинг цэвэр, бохир усны шугамд холбосон ба иргэдэд хэрхэн хямд зардлаар, хурдан хугацаанд, чанартай хаус барих аргыг санал болгохоор загвар хаус барьж, энэ онд ашиглалтад оруулсан юм.
"Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн үр дүнд гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдэд ая тухтай орчин бүрдэнэ. Агаар, хөрсний бохирдлыг багасгах боломжтой.
Иймээс төслийг гацаахгүй, үйл ажиллагааг нь дэмжиж, цаашид хамтран ажиллана гэдгээ Ховд аймгийн удирдлагууд өчигдөр илэрхийллээ.