loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Хоёрдугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас орно | HuduuMN

Хоёрдугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас орно

2026-01-29

 Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс 2026 оны хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа. 

Хоёрдугаар сард олон жилийн дунджаар агаарын температур -14-22 градус хүйтэн байдаг. Харин тухайн сарын нийлбэр хур тунадас Ховд нутгаар 0–2 мм ордог.


Олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлнэ. 

 

Цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд ирэх сард агаарын дундаж температур Ховд нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.


Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градус дулаан байна. Харин тухайн сарын хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5 градус хүйтэн байна. 


Цаашдаа тухайн сарын гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.  

Сарын нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үед зарим газраар бага зэргийн цас орно. Мөн тухайн сарын гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.

Ирэх сарын дунджаар температурын огцом өөрчлөлт үргэлжлэх төлөвтэй, мөн салхи шуурганы давтагдал их байх магадлалтай тул иргэд, тээвэрчдийг хол, ойр замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөлөө.