Ховд аймгийн Байгаль орчны газар болон бусад байгууллага болзошгүй аюул, эрсдэлээс зэрлэг амьтдыг хамгаалах, амьдрах орчныг дэмжих, идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор биотехникийн үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлдэг.
Энэ удаа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамт олон, Байгаль орчны газар, Жаргалант сумын байгаль хамгаалагчид хамтран Жаргалант сумын Ямаат улаан ууланд зэрлэг амьтдад зориулсан биотехникийн үйл ажиллагаа явууллаа.
Энэ хүрээнд янгирт зориулан 15 боодол өвс, 100 кг хужир, 200 кг мөс тавьжээ.
Байгаль хамгаалагчдын хийсэн судалгаагаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт ойролцоогоор 20 гаруй тоо толгой янгир усгүй муудсан байдал ажиглагджээ. Энэ нь тус бүс нутагт одоогоор цас ороогүй, зэрлэг амьтад гол руу нэвтрэх гарц хязгаарлагдмал зэрэг хүчин зүйлстэй холбоотой юм. Иймээс дээрх биотехникийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

