
Өмнөговь аймаг орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхээр шат дараалсан үйл ажиллагааг “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд төлөвлөн хэрэгжүүлж байна.
Төрийн гадаад бодлого, түүний нэгдмэл байдлыг хангах хүрээнд ГХЯ, ЗГХЭГ-ын зөвлөмж, зөвшөөрлийн дагуу БНСУ-ын СӨҮЛ хотын “Анам” эмнэлгийн удирдлагын багийн гишүүдийг Өмнөговь аймагт урьж ирүүлэн БОЭТ-ийн үйл ажиллагааг танилцуулж хамтран ажиллах талаар санал солилцон хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тус эмнэлэг нь бамбай булчирхайн хорт хавдрыг амны хөндийгөөр дамжуулан хийх робот мэс засал, Ханта вирусийг нээн илрүүлсэн нь дэлхийд анхны тохиолдол болсон байна. Мөн давсаг солих, хөхний нөхөн сэргээх, аарцагны тунгалгийн булчирхай, давсгийн хорт хавдрын робот мэс заслыг амжилттай нэвтрүүлэн эрүүл мэндийн чанар, стандартаараа олон улсад тэргүүлж буй байгууллага юм.
Аймгийн эмч мэргэжилтнүүдийг тус эмнэлэг дээр туршлага судлах, мэргэшүүлэх боломжоор ханган цаашлаад “Анам” эмнэлгийн эмч нарыг аймагтаа урьж ирүүлэн иргэдэд үзлэг оношилгоо хийх, эмч нарт онол, практикийн сургалтын үйл ажиллагааг газар дээр нь зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.
Урьдчилсан үзлэг, зөвлөгөөг цахимаар өгөх үйлчилгээг аймгийн иргэдэд үзүүлэх, Монгол улсад эмчлэгдэхгүй өвчлөлийг тус эмнэлэгт хямдралтай үнээр эмчлүүлэх зэрэг хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийгдэхээр төлөвлөлөө.