Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд хадагтай Кэйт Смит болон бусад албаны хүмүүс өчигдөр Өвөрхангай аймагт ажлын айлчлал хийсэн.
Айлчлалын хүрээнд Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын төлөөлөгчид Австралийн тэтгэлгийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг болон төрийн албан хаагчид, иргэд, ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид оролцлоо.
Австралийн тэтгэлэг нь хөгжиж буй орнуудад дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэхэд чиглэсэн Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг тэтгэлэг бөгөөд уг тэтгэлэгт хөтөлбөр 1993 онд хэрэгжиж эхэлснээс хойш Монгол улсаас 700 гаруй оюутан магистр, докторын сургалтад хамрагджээ.
Энэ удаагийн зөвлөгөө, мэдээллээр 2026 онд олгох тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй танилцуулсан ба энэхүү тэтгэлэг нь төрийн албан хаагчдад, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын албан хаагчдад тэтгэлгийн 50 хувийг олгох юм байна.
Тэтгэлэгт Австралид ирэх, буцах нислэгийн зардал, тус улсад очиж суурьших нэг удаагийн тэтгэмж, сургалтын бүрэн төлбөр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, академик бэлтгэл хөтөлбөр, судалгааны ажлын зардал зэрэг багтах ажээ.
Тэтгэлгийн өргөдлийг 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс тус оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд авах юм байна.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хуудсаас үзнэ үү.