loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЕСӨНЗҮЙЛ, ӨЛЗИЙТ, ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА | HuduuMN

ЕСӨНЗҮЙЛ, ӨЛЗИЙТ, ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2024-12-02

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Ч.Чанцалдиймаагаар ахлуулсан ажлын хэсэг Есөнзүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан суманд ажиллаад ирлээ.

Ажлын хэсэг өвөлжилт, хаваржилтыг эрсдэлгүй давах бэлтгэл ажлын хүрээнд төрийн байгууллага, дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, малчдын өвс, тэжээл бэлтгэл, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлттэй танилцжээ. 

Есөнзүйл суманд 723 малчин өрхийн 204738 мянган мал өвөлжих бөгөөд сумын аюулгүйн нөөцдөө 50 тн өвс, 10 тн тэжээл, 12 тн солом, малчдын түвшинд 1058 тн өвс, 353 тн гар тэжээл, 430 тн хужир шүү бэлтгэсэн байна. 

Тус сум 200 га талбайд малын тэжээл тариалан 500 тн малын тэжээл хураан авч, малчдадаа болон Сант, Баянгол, Баян-Өндөр сумын малчдад худалдан борлуулжээ.

Сумын төсөвт байгууллагуудыг дулаанаар хангаж буй дулаан үйлдвэрлэгч байгууллагын үйл ажиллагаа хэвийн, 50 кВт хүчин чадалтай нөөц цахилгаан үүсгүүртэй, 100 тн нүүрсний нөөцтэй байна. 

Өлзийт суманд 638 малчин өрхийн 235529 мянган мал өвөлжинө. Малчдын түвшинд 1137 тн өвс, 358 тн гар тэжээл, 712 тн хужир шүү бэлтгэсэн бол сумын аюулгүйн нөөцдөө 24 тн өвс, бэлтгэжээ. 

116 малчин өрх 116 га талбайд малын тэжээл тариалж, 68 тн өвс хураан авч, 16000 боодол өвс бэлтгэн өвөлжилт, хаваржилтыг эрсдэлгүй давах нөөцөө бүрдүүлсэн байна. 

Дулаан үйлдвэрлэгч байгууллагын хувьд 150 тн нүүрсний нөөцтэй, 50 кВ нөөц цахилгаан үүсгүүрийн бэлэн байдлаа бүрдүүлсэн. Ундны усны ухаалаг худаг хэвийн ажиллаж байгаа хэдий ч ажлын хэсэг цахилгааны тоолуур, автоматуудын шитийг хайрцаглаж, хамгаалах талаар зөвлөгөө өгчээ. 

Зүүнбаян-Улаан суманд 638 малчин өрхийн 235529 мянган мал өвөлжих бөгөөд малчид хотондоо өрх тус бүр 200-550 боодол өвс, 50-250 шуудай тэжээл, 2-4 портер байгалийн хадлан, шар хомоол, хужир шүү бэлтгэжээ.

Тус сум аюулгүйн нөөцдөө 56 тн өвс, 3 тн улаан буудай бэлтгээд байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургууль нь дулааны дотор шугам сүлжээ халаах хэрэгслүүдийг шинэчилж, дулаан хангалтыг сайжруулжээ.

Төсөвт байгууллагуудыг дулаанаар хангаж буй уурын зуух нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд 50 кВ чадалтай цахилгаан нөөц эх үүсгүүрийн бэлэн байдлыг хангаж, өнөөдрийн байдлаар 60 тн нүүрсийг нөөцөлжээ.