loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЭХ ОРОНЧ МОНГОЛ” СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ | HuduuMN

“ЭХ ОРОНЧ МОНГОЛ” СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ

2026-09-08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яамнаас эх оронч үзэл, үндэсний бахархал, эв нэгдлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, төр–иргэн–цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой сургалт, өдөрлөгийг Арвайхээр хотноо зохион байгуулж байна.

Сургалт, өдөрлөгт аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Батлан хамгаалах яамны удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын орон нутаг дахь удирдлага, алба хаагчид, Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд аймгийн иргэдтэй уулзаж, УИХ, Засгийн газар болон Батлан хамгаалах салбарын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалт, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл хүргэхээс гадна Цэргийн төв эмнэлгийн баг үзлэг, шинжилгээ хийж, архивын лавлагаа, зэвсэглэл техникийн үзэсгэлэн зэрэг үзвэр үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. 

Өвөрхангай аймагт одоогийн байдлаар эрэлт хэрэгцээтэй боловч нөхөгдөөгүй 40 орчим төрийн албан хаагчийн ажлын байр байна. Орон нутагт шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх энэ асуудлыг цэргийн дүйцүүлэх албаны зохицуулалттай уялдуулан шийдвэрлэх боломжтой. 

Тухайлбал, алслагдсан бүс нутагт эрэлт хэрэгцээтэй эмч, багш зэрэг мэргэжлээр гурван жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд цэргийн алба хаасанд дүйцүүлэн тооцох зохицуулалтыг бий болгох чиглэлээр холбогдох хууль, журмын өөрчлөлтийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг мэдээллээ. 

Энэ зохицуулалт хэрэгжсэнээр залуусын мэргэжил, ур чадварыг орон нутгийн хөгжлийн бодит хэрэгцээтэй уялдуулах, алслагдсан бүс нутагт дутагдалтай байгаа эмч, багш болон бусад шаардлагатай мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цэргийн албаны үүргээ нийгэмд хэрэгцээтэй хөдөлмөрөөр дүйцүүлэн биелүүлэх боломжийг өргөжүүлнэ.

“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй энэхүү сургалт, өдөрлөгөөр улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийн үнэ цэн, иргэн бүрийн оролцоо, үүрэг хариуцлагын талаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээ Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэл, үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд нээлттэй танилцуулж байна.

Орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг бодит хэрэгцээнд тулгуурлан шийдвэрлэх, иргэдийн санал бодлыг төрийн бодлогод тусгах нь бидний ажлын чухал чиглэл байх болно.