“Гэгээн Хангай” клубын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт чиглэсэн сайн үйлсийн ажлыг санаачлан хэрэгжүүлж, энэ удаа Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шүдний иж бүрэн кресло хандивлалаа.
Энэхүү шүдний иж бүрэн кресло нь оношилгоо, эмчилгээний олон төрлийн үйлдлийг нэг дор гүйцэтгэх боломжтой бөгөөд өвчтөнд тав тухтай орчин бүрдүүлэхээс гадна ус, агаарын систем, тусгай гэрэлтүүлэг, ариутгал, халдвар хамгааллын шаардлагыг хангах боломж, орчин үеийн тоноглол зэрэг олон давуу талтай. Мөн эрүүл мэндийн ажилтны ажлыг хөнгөвчилж, эмчилгээний явцыг илүү үр дүнтэй зохион байгуулах боломжийг бүрдүүлж байна.
Шүдний эмч нарын зүгээс иж бүрэн креслотой болсноор эмчийн ажлын бүтээмж нэмэгдэж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал сайжирч, өвчтөнд илүү тав тухтай нөхцөлд эмчилгээ хийх боломж бүрдэж байгаа нь чухал ач холбогдолтойг онцоллоо.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ үнэтэй хувь нэмэр оруулж, шүдний иж бүрэн кресло хандивласан “Гэгээн Хангай” клубын хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ