
Тусгайлсан чиг үүрэг бүхий цэрэг, хүчний байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш тактик” тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж, жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтоор нээлтээ хийлээ.
“Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 104 жилийн ой”-г тохиолдуулан аймгийн Цэргийн штабаас 26 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж буйн нэг нь энэхүү тэмцээн юм.
Тэмцээнд “Арвайхээр цэргийн хүрээ”-ний төрийн цэргийн болон хууль сахиулах Зэвсэгт хүчний 256 анги, ЗХ-ний 113 тусгай салбар, Онцгой байдлын газар, Бүсийн шүүх шинжилгээний төв, Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 833 дугаар тусгай салбар зэрэг байгууллагын багууд оролцож байна.
Тус тэмцээнд багийн бие бүрэлдэхүүнүүд гарааны өмнөх ажиллагаа, 10 км марш гүйлт, зэвсэгтэй болон зэвсэггүй хийх жагсаалын үзүүлбэр, байрзүйн координат олох зэрэг 12 төрлөөр тэсвэр хатуужил, ур чадвараа дайчлан өрсөлдөх юм.
Тэмцээн маргааш үргэлжилж, аваргууд тодорно.