loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НООЛУУР, АРЬС ШИРНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНЭЭС ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭГ ХАЛАХ ТӨСӨЛ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ | HuduuMN

НООЛУУР, АРЬС ШИРНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНЭЭС ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭГ ХАЛАХ ТӨСӨЛ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ

2026-10-27

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран, Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр “Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төсөл 2025-2030 оны хооронд хэрэгжиж байгаа.

Уг төсөл нь Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул болон Улаанбаатарт хэрэгжиж байна.  

Төслийг хэрэгжүүлэгч байгууллагын төлөөллүүд өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн Засаг даргатай уулзалт хийв. Уулзалтаар төслийн товч мэдээлэл болон Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй ноос, ноолуур, арьс ширний үйлдвэр болон түүхий эдийн эргэлтийн талаар харилцан мэдээлэл солилцлоо.  

Төслийн багийнхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд болон ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл эрхлэгч байгууллага, хувь хүн, хоршоологчдод төслийн дэлгэрэнгүй мэдээллийг өгөх арга хэмжээг зохион байгуулж байна. 

Энэхүү Төсөл нь Монгол улсын мал аж ахуйд суурилсан хөнгөн үйлдвэрийн салбаруудад химийн бодисын аюулгүй хэрэглээ, зохистой менежментийг төлөвшүүлэх, цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тойрог эдийн засгийн зарчмыг хэрэгжүүлэх, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх замаар ХХААХҮЯ-ны алсын хараа, бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд үйлдвэрлэлийн цэвэр, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, химийн бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, инновацыг дэмжих, байгаль орчны эрсдэлийг бууруулахын зэрэгцээ бохир ус болон хог хаягдлын менежментийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ажээ.

Төслийн багийнхан үргэлжлүүлэн энэ сарын 26-28-ны өдрүүдэд аймгийн “Ноос-Ирээдүй” ХХК, “Арьс-Ирээдүй” ХХК-ийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, Бат-Өлзий, Уянга, Хархорин сумдын удирдлагуудтай уулзалт хийн, ЖДҮ-ийн үйл ажиллагаа, мал аж ахуйтай танилцан, хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.