Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Монгол Улсын хэмжээнд оршуулгын газар олгох, үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулахтай холбогдсон хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг шалгах замаар хүрээлэн буй орчин, хүний аюулгүй байдал хангагдаж буй эсэхийг тогтоохоор 21 аймгийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн.
Үүний дагуу Засаг даргын 2025 оны A/666 тоот захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан 7 байгууллагын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсэг Өвөрхангай аймгийн хэмжээнд оршуулгын газар олгох, үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулахтай холбогдсон хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт, шалгалтыг хийлээ.
Аймгийн хэмжээнд өөд болоочийг нутаглуулж буй 162 оршуулгын газар байна.
Шалгалтад хамрагдсан 19 сумын хаагдсан орхигдсоноос бусад оршуулгын газрын үйл ажиллагаа, газар эзэмшил, ашиглалт, хамгаалалтын байдалд “Оршуулгын талаарх хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд шалгалт хийх хяналтын хуудас“-аар хяналт шалгалт хийж, эрсдэлийг үнэлэхэд өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн.
Цаашид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.2.3 дахь заалтыг үндэслэн Оршуулгын үйл ажиллагаа явуулах журмыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж батлах, сумдууд нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг батлахдаа оршуулгын газрын тоо хэмжээг тусгаж нэгдсэн оршуулгын газартай болох, оршуулгад хамаарах үйлчилгээний ерөнхий шаардлага: (MNS 6841:2020), шарил чандарлах үйлчилгээний байгууллагад тавигдах ерөнхий шаардлага (MNS 5605:2006) стандартыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.
Ажлын хэсэг хүрээлэн буй орчин, хүний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, оршуулгын зан үйлийг нэгдсэн зохицуулалттай болгох чиглэлээр санал боловсруулан ажиллаж байгаа бөгөөд цаашид оршуулгын зан үйлтэй холбоотой хууль, журам, стандартыг мөрдүүлэх замаар хүрээлэн буй орчин, хүний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах юм.