Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагын удирдлагуудын оролцоотойгоор өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар өнөөдөр цахим хурал хийлээ.
Хуралд аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтэс, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын удирдлага, мэргэжилтнүүд оролцов.
Хурлын үеэр аймгийн Засаг дарга дараах асуудлуудын шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжиллаа. Үүнд:
Өвөрхангай аймагт 7 сая орчим мал зусаж байгаа. Аймгийн говийн сумдаар гантай, зуншлага дундаж, байгалийн хадлан авах боломж бүрдэхгүй байгаа тул хадлан бүхий бүс нутгаас 10 мянган га талбайгаас хадлан бэлтгэх боломжийг олгож, дэмжлэг үзүүлэх тухай,
Аймагт баригдаж буй Дулааны станцын бүтээн байгуулалтын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж өгөх тухай,
Арвайхээр суманд шинээр баригдах гэж буй дулааны станцын төслийн ТЭЗҮ-г хийж, Эрчим хүчний яаманд хүргүүлсэн тул ойрын хугацаанд шийдвэрлэж өгөх тухай,
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих Шартын даваанаас Эрдэнэсант сум хүртэлх болон Арвайхээр сумаас Баянхонгор чиглэлийн зэрэг улсын чанартай 100 гаруй км авто замын их засварын ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх тухай асуудлуудыг уламжилж, тодорхой хариу хүслээ.
Дээрх асуудлуудын хариуг салбар хариуцсан яамдаас ойрын хугацаанд өгөхөөр болов.
Хурлаар улс, орон нутгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, өвс, тэжээл, шатахуун, хүнсний стратегийн нөөцийг бүрдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, цаг агаарын хүндрэл болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн, холбогдох үүрэг чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн юм.
Мөн дулаанаар хангагч байгууллагуудын шинэчлэлийн ажлыг энэ оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн дуусгаж, өвөлжилтийн үед шаардагдах түлш, шатахуун, нүүрсний нөөцийг тооцоо, судалгаатай бүрдүүлж ажиллахыг болон отроор нүүдэллэж буй малчдыг аймаг, бүс дотроо отор хийлгэх зохицуулалтыг хангаж ажиллахыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг, чиглэл болголоо.