loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Сүхбаатар аймгийн "Аздэлгэр мөнх хоршоо"-ны дарга Э.Дуламсүрэн: Анх удаа хоршооны зөв засаглалын үр өгөөжийг хүртэж үзлээ | HuduuMN

Сүхбаатар аймгийн "Аздэлгэр мөнх хоршоо"-ны дарга Э.Дуламсүрэн: Анх удаа хоршооны зөв засаглалын үр өгөөжийг хүртэж үзлээ

2024-06-21

Сүхбаатар аймгийн "Аздэлгэр мөнх хоршоо"-ны дарга Э.Дуламсүрэн: Анх удаа хоршооны зөв засаглалын үр өгөөжийг хүртэж үзлээ

◻️ Малчдад маань хамтран хоршоо үүсгэн байгуулж, дорвитой ажиллаж чаддаггүй үе байлаа. Харин өнгөрсөн жил манай анхан шатны хоршоо “Монголын үндэсний стандарт хоршоо” - ны гишүүнээр элсэж, анх удаа харилцан үүрэг хариуцлага хүлээж ажилласнаар хоршооны зөв засаглалын үр өгөөжийг мэдэрлээ.

◻️ Тухайлбал, өнгөрсөн онд манай анхан шатны хоршооны зүгээс дундын хоршооныхоо захиалгын дагуу гэрээгээр хонь, үхрийн махны бэлтгэл дээр ажиллаж, нийт 819 үхэр, 1586 хонины махыг дундын зуучлагчаас үнээс өндөр үнээр мөн нэмэлт урамшуулалтайгаар нийлүүлсэн явдалд манай хоршооны гишүүн малчид сэтгэл маш хангалуун байгаа. Дундын хоршоо дүрмийнхээ дагуу жилийн нийт борлуулалтын таван хувиар эрсдэлийн сан байгуулсан. Мөн нийт ашгаасаа тогтвортой хөгжлийн сан байгуулж, үлдэгдэл цэвэр ашгаа ногдол ашиг болгон хуваарилсан нь хоршооны бүтцээр ажиллаж байгаа бидэнд урамтай байлаа. Нөгөө талаар сайн туршлага болж анхан шатны гишүүн хоршооддоо загвар болж өгсөн.

◻️ Ер нь малчид хоршоонд нэгдэж, нэгдмэл бүтэц зохион байгуулалтад орсноор бидэнд олон талаар сайнаар нөлөөлж байна. Хоршооны зөв засаглалтай ажилласнаар гишүүн бүр шударга, ил тод зарчмаар ашиг хүртэж байгаа нь малчдад маань урам өгч байгаа. Ногдол ашиг тараахдаа анхан шатны хоршоодоос нийлүүлсэн түүхий эдийн төрөл, гэрээний биелэлт, хувь нийлүүлсэн хөрөнгө зэрэг гурван үзүүлэлтэд хуваарилсан бөгөөд манай “Аздэлгэр мөнх хоршоо”-ны хувьд нийт ₮9,073,363-ийн ашгийг хүртсэн юм.

◻️ Мөн хоршоо нь эрсдэлийн сантай болсноор төр засгаас дэмжлэг авалгүй, хамтын хүчээр зуд турхан зэрэг байгалийн аюултай хүчин зүйлсийн өмнө бэлтгэлтэй болох зөв суурь нөхцөл бүрэлдэж байгаад малчид маань сэтгэл хангалуун байна.

Монголын Үндэсний Стандарт Хоршоо / MNSC Green Gold - Ногоон Алт