loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-НЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГ” ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА | HuduuMN

“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-НЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГ” ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Зуунмод

Төв аймаг “Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”, “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон аймгийн хөгжлийн жил жилийн төлөвлөгөө зэрэг богино, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг аймгийн ИТХ-ын хурлаараа батлан хэрэгжүүлж байна. Харин дээрх шийдвэрүүдийн хүрээнд нутгийн удирдлагын байгууллага, бүх шатны Хурлын Төлөөлөгчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилга, оролцоотойгоор “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын үзэл баримтлалд нийцүүлэн орон нутгийн онцлогыг тусган бие даасан хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар тогтоолоор “Нээлттэй Төв аймаг” хөтөлбөр батлаад байна. Энэхүү хөтөлбөрт аймаг, орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, түүх, соёл, уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, техник, технологи, жижиг дунд үйлдвэрлэлийн ололт амжилтыг олон нийтэд мэдээлэн сурталчлах, Улаанбаатар хотоос шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийн харилцааг сайжруулан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, орон нутагт шилжин ирэгсдийн ажиллаж амьдрах орчин, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх замаар аймаг, орон нутгаа хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтын хүрээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, өөр аймгаас 25 аж ахуйн нэгж, байгууллага, 800 гаруй иргэд Төв аймагт шилжин суурьшиж ажиллаж, амьдарч байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хот хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд “Нээлттэй Төв аймаг” форумыг өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж байна. Форумын арга хэмжээний үеэр “Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга, хэлэлцүүлэг, Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Нээлттэй сум-Нутгаа зорьё” 27 сумын өдөрлөг, “Төв аймаг -Аялал жуулчлалын бүс нутаг” нээлттэй өдөрлөг, “Нээлттэй ажлын байр”-ны өдөрлөг, Төрийн байгууллагын “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээнүүдийг тус тус зохион байгуулж байна. Форумын хүрээнд зохион байгуулж буй “Төрийн байгууллагын нээлттэй өдөрлөг”-т 10 төрийн байгууллага, 12 хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад, үйлчилгээ үзүүлж, өөрийн үйл ажиллагаагаа сурталчилж байна. Харин “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийн хүрээнд ажлын байрны захиалга ирүүлсэн байгууллагууд танилцуулга хийж, ажлын ярилцлага зохион байгуулан E-Job программд ажлын байрны захиалга болон ажил хайгчийг бүртгэж байгаа юм. Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтэст ирүүлсэн 128 байгууллагын 699 ажлын байрны захиалгыг ангилж, QR кодоор байршуулж, иргэд байгууллагыг мэдээллээр хангаж ажиллаж байна.