“БУМБАРДАЙ” ЦЭЦЭРЛЭГТ НОМЫН САНГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖЛЭЭ
Олон Улсын Ротари Сан, Зуунмод Ротари клуб болон Японы Токио Хигаши Эдогава Ротари клубуудын хандив тусламжаар Зуунмод сумын “Бумбардай” цэцэрлэгт стандартын шаардлагад нийцсэн номын сангийн төслийг хэрэгжүүлэн, өнөөдөр /2026.06.23/ хүлээлгэн өглөө.
Зуунмод сумын “Бумбардай” цэцэрлэг нь Баянхошуу багт байрладаг. Хамран сургах тойргийн 2-5 насны 140-150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
Номын сангийн төсөл хэрэгжихээс өмнө тус цэцэрлэг 45 номтой байсан бол энэхүү төсөл хэрэгжсэнээр 121 номтой болж номын хангалт 100 хувьд хүрчээ. Шинээр байгуулагдсан номын сан нь хүүхдийн насны онцлогт тохирсон чанартай ном бүтээл болон хүүхэд бүрийн суралцах, төсөөлөн бодох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлсэн байна.
Энэхүү төсөл нь “Зуунмод ротари” клубын 2025-2026 оны хичээлийн жилд хийсэн 2 дахь том төсөл бөгөөд эхний төслийг Зуунмод сумын 2-р сургууль дээр хэрэгжүүлсэн билээ.
Ирэх хичээлийн жилд Зуунмод Ротари клуб “Уран уншигч - Шүлгийн уралдаан”, “Зохиолын дүр бүтээх”, “Миний мэддэг үлгэрүүд”, “Би номын эмч” зэрэг олон бүтээлч үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.