ТӨВ АЙМАГ, БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА
ОХУ-ын Улаан-Үд хотод болсон Зүүн хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбоо (NEAR)-ны Дээд түвшний Ажлын хэсгийн 15 дугаар хуралдааны үеэр Төв аймаг, Бүгд Найрамдах Буриад Улс хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа.
“Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгмийн болон хүмүүнлэгийн салбарт олон улсын болон гадаад эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тухай” хэлэлцээрт Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын дарга А.С.Цыденов нар гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа албан ёсоор баталгаажсан юм.
Хуралдаанд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан улсын төлөөлөгчид оролцож, Япон болон Мьянмарын төлөөлөл цахимаар оролцов. Монгол Улсаас 21 аймгийн албаны төлөөлөл болон уламжлалт анагаах ухааны салбарын эмч, мэргэжилтнүүд оролцож туршлага судаллаа.
Зүүн хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбоо (NEAR) нь 1996 онд байгуулагдсан бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийг дэмжих зорилготой олон улсын байгууллага юм.