ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД СУУРИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЭХЭЛЛЭЭ
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар улс орон даяар жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн үзлэгийг 3, 6, 11, 15 настай хүүхдийг хамруулж зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, 27 анхан шатны эрүүл мэндийн байгууллага, 32 ерөнхий боловсролын сургууль, 41 цэцэрлэг, 4 Политехникийн коллежид суралцаж буй зорилтот насны хүүхдүүдээ үзлэгт хамруулах бэлтгэл ажлаа хангаад, өнөөдөр үзлэгийн нээлтээ хийж байна.
Аймгийн хэмжээнд 32 ерөнхий боловсролын сургуульд үзлэгт хамрагдах зорилтот насны нийт 5133 хүүхэд (6 настай-1886, 11 настай-1965, 15 настай-1282), 41 цэцэрлэгт 36 сартай буюу 3 настай нийт 1456 хүүхэд, 4 Политехникийн коллежид 15 настай нийт 395 хүүхэд суралцаж, нийт 6984 хүүхэд үзлэгт хамруулахаар төлөвлөөд байна.
Энэ удаагийн үзлэгээр 3, 6, 11, 15 насны хүүхдүүдийг насны онцлогт тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны тусламж, үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэлд холбон ажиллах юм.
3 настны (36 сар) үзлэг:
• Хүүхдийн эрүүл мэндийн үзлэг (аутизм), хөгжлийн үнэлгээ
• Биеийн хэмжилт: жин, өндөр, толгой, бугалганы тойрог, БЖИ
• Хараазүйн үзлэг буюу харааны чадал шалгах
• Дүгнэлт зөвлөмж, эмчийн үзлэг болон эрсдэлийн үнэлгээ (ABCD) лавлагааны үнэлгээний үр дүн
6 настны үзлэг (1 дүгээр анги):
• Хүүхдийн эрүүл мэндийн үзлэг (зүрхний цахилгаан бичлэгт суурилсан зүрхний эмгэг илрүүлэх)
• Биеийн хэмжилт: жин, өндөр, толгой, цээжний тойрог, БЖИ
• Хараазүйн үзлэг буюу харааны чадал шалгах
• Дүгнэлт зөвлөмж, эмчийн үзлэг болон эрсдэлийн үнэлгээ (ABCD) лавлагааны үнэлгээний үр дүн
11 настны үзлэг (6 дугаар анги):
• Хүүхдийн эрүүл мэндийн үзлэг (нурууны муруйлт, хавтгай тавхай)
• Биеийн жин, өндөр, бүсэлхийн тойрог, БЖИ
• Хараазүйн үзлэг буюу харааны чадал шалгах
• Дүгнэлт зөвлөмж, эмчийн үзлэг болон эрсдэлийн үнэлгээ (ABCD) лавлагааны үнэлгээний үр дүн
15 настны үзлэг (10 дугаар анги):
• Хүүхдийн эрүүл мэндийн үзлэг
• Сэтгэл зүйн үнэлгээ
• Бэлгийн бойжилтын хөгжлийн өөрийн үнэлгээ
• Биеийн жин, өндөр, бүсэлхийн тойрог, БЖИ
• Дүгнэлт зөвлөмж, эмчийн үзлэг болон эрсдэлийн үнэлгээ (ABCD) лавлагааны үнэлгээний үр дүн
Энэхүү эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн зорилго нь зөвхөн өвчнийг илрүүлэх бус, эрүүл хүүхдийг эрүүл хэвээр нь байлгах, эрүүл дадал хэвшлийг бага наснаас нь төлөвшүүлэх, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах мэдлэг, мэдээлэл олгох явдал юм.
Уг ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс гадна цэцэрлэг, сургуулийн багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо нэн чухал гэдгийг албаны бүрэлдэхүүн онцоллоо.