loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА | HuduuMN

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2026-10-01

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Аймгийн ЗДТГ, Ахмадын хороо хамтран Олон Улсын Ахмадын өдөр, Монгол Улсад Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан улс, эх орон, аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, эдийн засаг, нийгмийн салбарын бүхий л ажлыг нуруундаа үүрч, өнөөдрийн ололт, амжилтын суурийг тавьсан ахмад буурлууд, ахмадын байгууллагын үе үеийн удирдлага, идэвхтэн зүтгэлтнүүддээ хүндэтгэл үзүүлж, “Баярын хурал”-ын үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Төв аймагт 14 мянга гаруй ахмад настан ажиллаж, амьдарч байна. Тэдний хөгжил, оролцоо, эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих, ахмад настан бүрийг нийгмийн хөгжилд мэдлэг, туршлагаараа хувь нэмрээ оруулагч, идэвхтэй оролцогч байлгах нь төр, орон нутгийн байгууллагын чухал зорилт билээ.  

Тухайлбал ахмадын сан байгуулан тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд 31 аж ахуйн нэгж, байгууллага ахмадын сантай болж, өмнөх оноос 31,6 хувиар, 54 байгууллага тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж өмнөх оноос 80 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

2025-2026 онд Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах “Мэргэжлийн хамтарсан баг”-ийг байгуулж, 800 гаруй ахмадыг идэвхтэй насжилтыг дэмжих арга хэмжээнд, асаргааны хувилбарт үйлчилгээнд 24 ахмадыг хамруулаад байна. 

Цаашид ахмад настны хөгжил, оролцоог дэмжих, зорилгоор Ахмадын хөгжлийн төв байгуулах, зураг төсвийг хийлгэхээр бэлтгэл ажлыг хангаж, Тус төвийг байгуулахад шаардлагатай төсөв, Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын амралтын дээврийн засварт шаардлагатай 107,4 сая төгрөгийг тус тус 2027 оны орон нутгийн төсөвт тусгуулахаар төлөвлөж, ахмад настанд ээлтэй орчин, үйлчилгээ, сургалт, зөвлөгөө, хөгжлийн цогц үйлчилгээг нэг дороос хүргэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Төв сайхан нутгийн минь хөгжлийн түүчээ болсон ахмад, буурлуудаараа бахархан, хүндэлж, халамжлах нь хүний ёс, төрийн үүрэг юм. 

Энэ өдөр олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж Төрийн болон салбарын шагнал, аймгийн шагналаар шагнагдсан нийт ахмадууддаа баяр хүргэе. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсч, ажил хөдөлмөрийн арвин туршлагаа олон түмэнд түгээн дэлгэрүүлж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөн Олон улсын Ахмадын өдрийн арга хэмжээний шигтгээ болж уран бүтээлийн дээжээ өргөн барьсан Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит "Монгол туургатан театр"-ын уран бүтээлчдэд талархал илэрхийлье.