КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЛТ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд 5 дугаар сарын 13-аас 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах хуваарь”, Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/151 дүгээр тушаалын хүрээнд энэхүү сургуулийг зохион байгуулж байгаа юм. Үүнд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, олон улсын байгууллагууд хамтран оролцож байна.
Команд штабын сургуулийн хүрээнд:
• Гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах;
• Шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүлэх;
• Гамшгийн үед байгууллагуудын нэгдсэн удирдлагын тогтолцоог тодорхойлох;
• Бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах;
• Эрүүл мэндийн салбарын тогтвортой ажиллагааг хангах чадавхыг нэмэгдүүлэх;
• Гоц халдварт өвчин, газар хөдлөлт, химийн осол, ой хээрийн түймэр, уул уурхайн осол зэрэг болзошгүй эрсдэлийн үед ажиллах дадлага сургуулилтыг зохион байгуулна.
Команд штабын сургууль нь зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, удирдах бүрэлдэхүүн штабын дадлага, дууриалган үзүүлэх тактикийн сургуулилт гэсэн үндсэн үе шаттай ба дууриалган үзүүлэх тактикийн дадлага сургуулилалтыг Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Төв аймаг, ХӨСҮТ, УНТЭ, Нийслэлийн эрүүл мэндийн газарт зохион байгуулж, хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, гоц халдварт өвчний хариу арга хэмжээ авах зэрэг нөхцөлд ажиллах дадлага хийж гүйцэтгэж байна