МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.НОМТОЙБАЯР ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаал “Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” хэрэгжилтийн хүрээнд Төв аймагт Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, Бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Төв аймагт ажиллалаа.
Энэ үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны бэлэн байдлыг шалгаж, тулгамдаж буй асуудлыг сонсов. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатын зүгээс “Баянчандмань суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулах, Мөнгөнморьт сумын Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэх саналыг танилцууллаа.
Үүний дараа аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж:
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтарч шийдвэрлэх
- Архивын ерөнхий газраас Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх
- Зуунмод сумаас Улаанбаатар хот руу ажилдаа явдаг иргэд, төрийн албан хаагчдыг автозамын хураамжаас чөлөөлөх асуудлыг Зам тээврийн хөгжлийн төвтэй хамтран шийдвэрлэх,
- Аймгийн төв дундуур дайран өнгөрдөг улсын чанартай авто замаар том оврын автомашины хөдөлгөөнийг хязгаарлах хүрээнд Сэргэлэн-Дундговь чиглэлийн 16 км авто зам, далангийн ажлын төсвийг шийдвэрлэх асуудлыг судлах,
- Газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр судлах,
- Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх,
Аймгийн хэмжээнд намрын ургац хураалтад шаардлагатай 1.6 сая литр түлшний асуудлыг шийдвэрлэхээр холбогдох яамдад чиглэл өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр боллоо.