Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Барилгачдын холбоо хамтран барилга угсралт, бүтээн байгуулалтын салбарын үе үеийн төлөөлөл, инженер техникийн ажилтан, архитектор, зураг төсөл зохиогчидод хүндэтгэл үзүүлж “Баярын хурал”, ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг “Монгол туургатан театр”-ын их танхимд зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүд, аймаг, сумын удирдлагууд, Барилгын хөгжлийн төв, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Барилгачдын холбооны удирдлага, хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагууд, ахмад барилгачид, инженерүүд, төрийн албан хаагч зэрэг 500 орчим хүн оролцсон юм.
Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, үйлдвэр, эрчим хүч, зам, инженерийн дэд бүтцийн олон мянган бүтээн байгуулалтыг бий болгосон үе үеийн барилгын салбарынхан энэ өдөр хуран чуулж, нэгэн зуун жилийнхээ ололт, амжилтаа дүгнэж, ирэх жилүүдийнхээ өнгийг тодотголоо.
Улс, эх орон, аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, төлөвлөлт, иргэдийн амьдрах орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг Төрийн дээд одон, медаль, салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.