ТӨВ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Нэгдэж чадвал - Түүчээлж чадна” уриан дор аялал жуулчлалын салбарын анхдугаар зөвлөгөөнийг аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчид, амралтын газар, жуулчны бааз, зоогийн газар, зочид буудлын төлөөллийг хамруулан зохион байгуулж байна.
Төв аймаг 2021-2030 онд хэрэгжүүлэх аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөгөө баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөнд газар нутгийн онцлогийг харгалзан:
- Зуунмод орчмын аялал жуулчлалын бүс
- Тал хээрийн аялал жуулчлалын өмнөд бүс
- Хөдөө аж ахуй, амралт-чөлөөт цагийн аялал жуулчлалын хойд бүс
- Хэнтийн нуруу, Хэрлэн голын байгаль, түүхийн аялал жуулчлалын зүүн бүс
- Батхан уул, Туул голын байгаль, нүүдэлчин ахуйн аялал жуулчлалын баруун бүс гэсэн 5 бүсэд хуваан хөгжүүлж байна.
Энэ оны байдлаар Төв аймгийн 12 суманд 118 амралтын газар, жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг 83 аж ахуйн нэгж байгаа бол улирал харгалзахгүй үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа 35 аж ахуйн нэгж байна.
2025 онд Төв аймаг 115.187 гадаадын амрагч, 135.504 дотоодын амрагч хүлээн авч үйлчилсэн бол дархан цаазат газар, байгалийн цогцолбор газар, байгалийн нөөц газар зэрэг тусгай хамгаалалттай газар нутгуудаар давхардсан тоогоор 450 мянга орчим дотоод, гадаадын аялагчид амарч, үйлчлүүлжээ.
Аймгийн хэмжээнд 13 сумын 98 айл өрх “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал”-ын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд нэг ээлжиндээ 829 зочин хүлээн авч Монгол ахуйтай танилцуулах, морь унуулах зэрэг үйлчилгээг үзүүлсээр байна.
Харин Зуунмод сумын хэмжээнд 14 аж ахуйн нэгж кофе шоп, ресторан, зоогийн газрын үйлчилгээ эрхэлж байна.
Аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг хангах хүрээнд 2026-2028 онд Жайка олон улсын байгууллагын “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн “Бэст туризм виллэж”, “Грийн дистинэйшн” төслүүд дээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулаад байна.
