loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХҮННҮ ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТАЛААР АЖЛЫН ХЭСЭГ ИРЖ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА | HuduuMN

ХҮННҮ ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТАЛААР АЖЛЫН ХЭСЭГ ИРЖ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

2025-09-11

Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сард Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор Шинэ Зуунмод хотыг байгуулж, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан юм. Харин 2025 оны нэг сард хотын нэршлийг өөрчлөхөөр болж УИХ-аар хэлэлцэн ХҮННҮ хот болгох шийдвэрийг баталсан. 

Хүннү хот Төв аймгийн нутаг дэвсгэрт байгуулагдах учраас төлөвлөлтийн дагуу газар чөлөөлөх ажлыг түргэвчлүүлэх мөн газраа чөлөөлсөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл зөрүүтэй байгааг арилгах зорилгоор Хүннү хотын ажлын хэсэг ирж ажиллалаа. 

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон холбогдох газар хэлсийн удирдлага мэргэжилтнүүд Хүннү хотын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн ба уулзалтад аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Мөнхсүлд, Б.Жигмэддорж нар оролцож аймгийн иргэдийг төлөөлж байр сууриа илэрхийлсэн юм. Уг 2 төлөөлөгч нь мөн Хүннү хотын ТУЗ-ийн гишүүд юм. 

Манай аймгийн зүгээс газар чөлөөлөх ажилд тулгамдаж байгаа асуудлаа хэлж, Хүннү хотын бүтээн байгуулалтын мэдээлэл хомс байдаг. Энэ нь ажил удаашрах шалтгаануудын нэг учир мэдээллээр орон нутгийг хангаж байх, цаашид ярьж хэлэлцэж асуудлууд олон байгааг илэрхийлсэн юм.

Уулзалтаас:

- Хүннү хотын газарт орж буй Сэргэлэн, Алтанбулаг сумдын газрын даамлууд болон аймгийн ГХБХБГ-аас мэргэжилтнүүдийг хотод ажиллуулж зөрүүтэй мэдээллээ нэгтгэх, 

- Аймгийн иргэдийг мэдээллээр хангах ажлыг шат дараатай зохион байгуулах ба эхний ээлжинд аймгийн ИТХ-ын хуралдаан дээр мэдээлэл хийх хүсэлт өгөх шийдвэрийг гаргалаа. 

Хүннү хот Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот болж нийслэлийн ачаалал, төвлөрлийг задлах, суурьшлыг тэнцвэржүүлэх, зам тээвэр ложистикийн үйлчилгээг бий болгох, дэд бүтцийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, хүний аюулгүй байдал, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загвар хот болно хэмээн төлөвлөж байгаа юм.