“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн малчдын чуулганы Хангайн бүсийн салбар хэлэлцүүлэг Архангай аймгийн Булган суманд үргэлжилж байна.
Тус салбар хэлэлцүүлэгт гадаадын 10 орны 20 гаруй малчин, Архангай аймгийн 60 гаруй малчдын төлөөлөл оролцож байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Ерөнхий малчны тунхаглал”, “Эмэгтэй малчдын тунхаглал”, “Залуу малчдын тунхаглал” зэрэг малчдын бодлогын баримт бичгийг малчид өөрсдөө хэлэлцэж, санал, зөвлөмжөө тусгаж байна.
Хэлэлцүүлгийн үеэр малчдын хөдөлмөрийн үнэлэмж, залуу болон эмэгтэй малчдын оролцоог нэмэгдүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах, усан хангамжийг сайжруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, зах зээлд холбогдох боломжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.
Эндээс гарсан санал, зөвлөмжийг 8 дугаар сарын 14–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах Дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцүүлж батлах бөгөөд тунхаг бичгийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д танилцуулна.






