107 НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ “АНХДАГЧДЫН АЛТАН НАМАР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
Намрын ургац, орон нутгийн үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийн хөдөлмөрийг олон нийтэд сурталчлан таниулах “Анхдагчдын алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа Булган аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэн худалдаанд аймгийн 14 сумын төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, жимс, жимсгэнэ тариалагчид, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хоршоод оролцож, 107 нэр төрлийн бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулан, худалдаалж байна.
Үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үйлдвэрлэлийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Ингэснээр орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх, борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгчдээ сурталчлан таниулах, иргэдийг эрүүл, аюулгүй, шинэ ургацын бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэж байна.
“Анхдагчдын алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.
Орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжиж, шинэ ургацын бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчдээс шууд худалдан авахыг иргэд, олон нийтэд урьж байна.