“ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД БУЛГАН АЙМАГТ БАРИГДАЖ БУЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрчим хүчний салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байна.
Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа Булган аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, ИТХ-ын дарга Д.Мэндсайхан болон холбогдох албаны хүмүүстэй уулзан, Орхон суманд баригдаж буй 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт/100 МВт.цагийн батарей хуримтлуурын системийн бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцаж, мэдээлэл авлаа.
Тус төсөл нь “Булган” дэд станцад холбогдох бөгөөд нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын систем болон холбогдох дэд бүтцийг багтаасан төсөл юм. Төслийн гүйцэтгэгчээр “Магнус сентурион констракшн”–“ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT CO., LTD” компаниудын түншлэл шалгарч ажлаа эхлүүлээд байна.
Мөн энэ эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, дулаан хангамжийн нөхцөл байдал, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, засварын ажлын явц, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлэх нь салбарын шинэчлэл, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.