АХМАД БУУРЛУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Булган нутгийнхаа ахмад буурлуудын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Баярын хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр нутаг орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу халуун насаа хөдөлмөр бүтээлд зориулсан ахмад буурлуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулан хүндэтгэл үзүүлэв.
Мөн аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Булган аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтан хэрэгжүүлэх “90 бүтээлч ажил”-ын төлөвлөгөөг танилцуулж, ахмад үеийнхний санал, оролцоо, туршлагыг орон нутгийн хөгжлийн ажилд тусган ажиллахын чухлыг онцоллоо.
Өнөөдрийн Булган нутгийн хөгжил дэвшлийн үндэс суурийг тавьж, үр хойчдоо үнэтэй өв, арвин туршлагаа үлдээсэн ахмад буурлууддаа хүндэтгэл илэрхийлье.
Ахмад үеийнхнийхээ хөдөлмөр, амьдралын арвин туршлага, үнэтэй сургаалыг хүндэтгэн өвлөж, үеэс үед уламжлуулах нь бидний эрхэм үүрэг билээ.
Булган нутгийнхаа нийт ахмад буурлууд та бүхэнд Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе.