Хүүхдийн хөгжилд чиглэсэн STEAM хөтөлбөр хэрэгжиж байна Булган аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролд STEAM хөтөлбөрийг үе шаттайгаар нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын зорилго нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, танин мэдэхүйн чадвар, асуудал шийдвэрлэх ур чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, орчин үеийн боловсролын чиг хандлагад нийцсэн сургалтын арга зүйг төлөвшүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд цэцэрлэгүүдийн сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг сайжруулж, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон туршилт, судалгаа, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурласан сургалтыг зохион байгуулж байна. Хүүхдүүд энгийн хэрэглэгдэхүүн ашиглан бүтээх, зохион байгуулах, багаар ажиллах, өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх зэрэг чадваруудыг эзэмшиж, суралцах үйл явцад идэвхтэй оролцох боломж бүрдэж байна.
Мөн багш нарыг STEAM арга зүйд сургах, чадавхжуулах ажлуудыг зохион байгуулснаар сургалтын чанар сайжирч, хичээл үйл ажиллагаа илүү сонирхолтой, үр өгөөжтэй болж байна. Сургалтын үйл ажиллагаанд инноваци, бүтээлч хандлага нэвтэрч, хүүхэд төвтэй сургалтын арга барил бодитоор хэрэгжиж эхэлсэн нь онцлох үр дүн юм.
Түүнчлэн STEAM хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цэцэрлэгүүдийн дунд уралдаан, тэмцээн зохион байгуулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн бүтээлч оролцоог дэмжих ажлуудыг тогтмол хэрэгжүүлж байна. Энэ нь багш, хүүхэд, байгууллагын хамтын хөгжлийг дэмжсэн үр дүнтэй арга хэмжээ болж байна.
Цаашид “Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд STEAM боловсролыг тогтвортой хэрэгжүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, орчныг улам сайжруулах, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, шинэлэг арга туршлагыг нутагшуулахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын чанар, үр өгөөж дээшилж, ирээдүйн чадварлаг иргэнийг төлөвшүүлэх суурь тавигдах юм.