Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж буй IELTS-100 хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас 34 сурагч 7,5-8,5 оноо авсан амжилтыг үзүүлсэн. Энэ хүрээнд Засаг дарга IELTS-ын шалгалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулдаг болох санаачилгыг дэвшүүлж Австралийн итгэмжлэгдсэн нийгмийн хариуцлагатай “IDP IELTS in Мongolia” тест төвд хамтран ажиллах саналыг тавьсан.
Саналын дагуу тус байгууллагын төлөөллүүд Дархан хотод хүрэлцэн ирж шалгалтын салбар төвийг байгуулах боломж нөхцөлийг судалж байна.
Зарим тохиолдолд сурагчид шалгалт өгөөд хүссэн оноогоо авч чаддаггүй шалтгаан нь сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл тухайн шалгуулагчийн англи хэлний мэдлэг хангалтгүйдээ бус сандрал, стресс, шалгалтын айдас нөлөөлөх нь бий. Тиймээс өөрсдийн суралцаж буй дассан орчиндоо шалгалт өгөх нь суралцагчдад сэтгэлзүйн хувьд олон давуу талыг бий болгодог байна.
“IDP IELTS in Мongolia” тест төв нь IELTS шалгалтыг Монгол Улсад албан ёсоор зохион байгуулах эрхтэй байгууллага юм. Дархан-Уул аймгаас шалгуулагчид ихээхэн зорьж очдог учир манай аймагтай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Дэлхийн 140 гаруй орны 12 мянган их дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн ОУ-ын IELTS-ын шалгалтыг орон нутагт авдаг болсноор манай аймаг төдийгүй Төвийн бүс, Хойд бүсийн аймгийн хүүхдүүдэд илүү ойроос шалгалтаа өгөх боломж бүрдэнэ.