МУИС-ИЙН ЗҮҮН БҮСИЙН СУРГУУЛЬ ТҮҮХТ 35 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
Зүүн бүс нутгийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах төрийн бодлогын хүрээнд Дорнод аймагт 1953 онд “Багшийн сургууль” байгуулагдаж, 1953-1959 онд 300 гаруй бага ангийн багш бэлтгэсэн түүхтэй. Улмаар 1991 онд БНМАУ-ын Ардын боловсролын сайдын тушаалаар “Багшийн коллеж” байгуулагдан, өнөөгийн МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн үндэс суурь тавигдсан юм.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд тус сургууль нь МУИС-ийн салбар болон өргөжиж, зүүн бүсийн боловсрол, шинжлэх ухааны томоохон төв болон хөгжжээ. Энэ хугацаанд 5000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргаж, төгсөгчид нь боловсрол, нийгмийн хамгаалал, банк санхүү, мэдээллийн технологи, уул уурхай зэрэг олон салбарт ажиллан, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Тус сургуулийн түүхт 35 жилийн ойн баярын хуралд УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэн, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
Орон нутгийн зүгээс бүс нутгийн хүний нөөцийн хэрэгцээг хангах, чадварлаг боловсон хүчнийг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 2019 оноос “Нутгийн ирээдүй” төслийг хэрэгжүүлж нийт 25 оюутанд 50 гаруй сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар тэтгэлэгт хамрагдсан 20 оюутан сургуулиа амжилттай төгсөн, төрөлх нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат хэлсэн үгэндээ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд шинжлэх ухаан, технологи, инноваци, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч буй энэ үед МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэж байгааг дурдаад, бүс нутгийн эдийн засаг, хил дамнасан худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тус сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийллээ.