Тус суманд ажиллах үеэр Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар Боловсролын яам болон Монголын шатрын холбоо хамтран улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4 дүгээр сургуулийн сургалтын үйл ажиллагаанд шатар гардуулан өгч, хүүхэд багачуудын оюуны хөгжил, сэтгэн бодох чадварыг дэмжих, шатрын спортыг ерөнхий боловсролын сургуулиудад түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үеэр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дэргэдэх Шатрын клүбийг албан ёсоор нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэв. Ингэснээр сурагчид шатрын спортоор тогтмол хичээллэх, ур чадвараа хөгжүүлэх, оюуны спортын тэмцээн, уралдаанд оролцох боломж бүрдэж байгаа юм.
Мөн үйл ажиллагааны хүрээнд “Шатрын түргэн тоглолт”-ыг зохион байгуулж, Г.Занданшатар 10 шатарчидтай зэрэг тоглож, шатрын спортыг сурталчлахын зэрэгцээ хүүхэд, залуучуудад шатрын спортыг сонирхон суралцах, туршлагатай тоглогчдоос суралцах урам зориг өгөх ач холбогдолтой байв.
Нээлтийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн “Хутагтын өрөг” шатрын холбооны тэргүүн Н.Алдарбаяр, аймгийн Засаг дарга О.Батжаргал, Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Үүрцайх, сумын Засаг дарга Б.Сайнбаяр, аймгийн Боловсролын газрын дарга М.Энхболд болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.