Зөвлөлдөх ардчиллыг орон нутагт бодитоор хэрэгжүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурлан тулгамдсан асуудлаа хамтдаа тодорхойлж, шийдвэрлэх зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй” сургалт эхэллээ. Сургалтад Дорноговь аймгийн 63 баг, Говьсүмбэр аймгийн 10 баг нийт 73 багийн Засаг дарга болон Тамгын дарга нар гэхчлэн холбогдох 120 гаруй албан хаагч оролцож байна.
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар сургалтад оролцож, төрийн шинэчлэл, иргэдийн оролцоо, зөвлөлдөх ардчиллын ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Сургалтад Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, ИТХ-ын дарга Н.Алдарбаяр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Замын-Үүд сумын Засаг дарга Б.Сайнбаяр, ИТХ-ын дарга О.Үүрцайх нар оролцож байна. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал аймгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын талаар танилцууллаа.
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн бодлого, үйлчилгээг иргэдэд хүргэдэг хамгийн ойрын нэгж бол баг, төрийн нүүр царай нь багийн Засаг дарга нар гэдгийг онцлоод, багийн түвшинд тулгамдаж буй асуудал хамгийн олон боловч тэдгээрийг шийдвэрлэх хүн хүч, техник хэрэгсэл, санхүүгийн боломж хангалтгүй байгааг тэмдэглэв. Мөн багийн Засаг дарга нарын цалин хөлс, ажлын нөхцөл, техник хэрэгсэл, үйл ажиллагааны санхүүжилтийг сайжруулах шаардлагатайг дурдсан юм.
Тэрбээр орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтуудаас гарсан саналуудыг бодит шийдвэр болгохын чухлыг онцоллоо.
Зөвлөлдөх санал асуулга нь иргэдэд тухайн асуудлаар тэнцвэртэй, бодит мэдээлэл өгч, олон талаас нь хэлэлцүүлсний дараа тэдний саналыг дахин авч, шийдвэр гаргах үйл явцад тусгадаг ардчиллын чухал аргачлал юм. Монгол Улсад 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү аргачлалыг 2017 онд баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар эрх зүйн хүрээнд зохицуулсан. Иргэдийн дуу хоолойг сонсохоос гадна шийдвэрт тусгаж, үр дүнг нь эргэж тайлагнах нь зөвлөлдөх ардчиллын гол зорилго юм. Төрийн шинэчлэлийг иргэдээсээ эхлүүлж, баг, сум, аймаг бүрд бодит үр дүнд хүргэхэд энэхүү сургалт, зөвлөлдөх уулзалтууд чиглэж байна.