loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан хоршоод 402.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

2025-04-11

Монгол Улсын Их Хурлын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хэрэгжилтийг хангах” Ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Мандхай ахалдаг.

Хуралдаанд УИХ-ын гишүүд М.Мандхай, М.Ганхүлэг, Ц.Идэрбат нар оролцож, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон, асуулт асуув. 

Тухайлбал, гишүүн М.Ганхүлэг зээлдэгчдэд тавигдах шаардлагыг хөнгөвчлөх боломж бий эсэхийг тодруулсан бол УИХ-ын гишүүн Ц.Идэрбат зээлийн эргэн төлөлтийн талаар тодруулав. 

Үүнтэй холбогдуулан Төрийн банкны Хууль, эрх зүй хариуцсан дэд захирал Б.Амарсанаа зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж, 20 гаруй зээлдэгч зээлээ бүрэн төлснийг мэдээлэв.

Мөн Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан нар явцын мэдээлэл танилцуулав. 

Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийн товч мэдээлэл (2025 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар):

Хөдөлгөөний хүрээнд 9,000 гаруй хоршоо шинээр байгуулагдсан.

Эдгээр хоршоодод 91,000 гаруй малчин гишүүнээр элссэн нь нийт малчдын 29.6 хувийг хамарч байна.

6,469 хоршооны 22,691 малчин нийт 769 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Улсын хэмжээнд бүртгэлтэй 12,028 хоршооны 8,010 нь татварын тайлангаа ирүүлсэн.

Тайлан ирүүлсэн хоршоодын нийт борлуулалтын хэмжээ 402.7 тэрбум төгрөгт хүрч, 570.8 сая төгрөгийн татварын орлого улсын төсөвт төвлөрүүлсэн байна.