Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги мужийн Гуяан хотноо зохион байгуулагдаж буй олон улсын “Цэцгийн баяр”-т аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун тэргүүтэй АИТХ-ын төлөөлөгч, “Мандалын Гэгээ” хот тохижуулах газар ОНӨААТҮГ-ын дарга Н.Ууганбат, Байгаль орчны газрын биологийн олон янз байдал хариуцсан мэргэжилтэн А.Мөнх-Эрдэнэ нар оролцож байна.
Айлчлалын хүрээнд Гуяан хотын Засаг дарга И Дун Хвантай албан уулзалт хийж, хоёр талын найрсаг харилцааг улам бататгахын зэрэгцээ Гуяаны төглийг жишиг төгөл болгон хөгжүүлэх, цэцэг, жимс тариалах, хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэх, мөн эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар санал солилцож, харилцан тохиролцлоо.
Дундговь аймаг болон Гуяан хотын хооронд 17 жилийн турш үргэлжилсэн хамтын ажиллагаа нь бодит үр дүн, үнэ цэнтэй бүтээн байгуулалтаар баталгаажиж ирсэн билээ.
Үүний хүрээнд аймгийн төвд цөлжилтөөс сэргийлэх зорилгоор 100 мянга гаруй мод тарьж, арчилж буй “Гуяаны төгөл” нь хамтын ажиллагааны тод жишээ болж, элсний нүүдлийг сааруулан Айраг багийн оршин суугчдын амьдрах орчныг сайжруулсан юм. Мөн Гуяан хотын “Дахам” төрийн бус байгууллага Дэлгэрцогт суманд иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, оношилгоо зохион байгуулсан байна. Түүнчлэн дуслын усалгааны системийг нэвтрүүлснээр төгөлийн усалгаанд үр өгөөжөө өгч, ойн зурваст байгуулсан хүлэмжинд тарвас болон төрөл бүрийн хүнсний ногоо тариалж, чанартай ургац хураан авч байгаа нь орон нутагт шинэ туршлага болон түгэн дэлгэрч байна.