“АМЬДРАЛЫН ТӨЛӨӨХ ААВУУД” ҮЙЛ АЖИЛЛАГАА ДЭЛГЭРЦОГТ СУМАНД БОЛОВ
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ЗДТГ
Монгол Улсад Зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан “Амьдралын төлөөх аавууд” үйл ажиллагаа Дэлгэрцогт суманд боллоо.
Үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Сүрэнхорлоо аавуудад зориулсан сургалт, мэдээллийг хүргэлээ. Тэрээр аавуудын хувь хүний хариуцлага, хүүхдийн хүмүүжилд оролцох оролцоо, гэр бүлийн харилцаанд гүйцэтгэх үүрэг, зөрчил маргааныг зөв зохистой шийдвэрлэх арга замын талаар зөвлөгөө өгч, сум орон нутагтаа үлгэр жишээ болсон аавуудын туршлагаас хуваалцсан, ярилцлага өрнүүлэв.
Мөн үйл ажиллагааны үеэр нөхөрсөг гар барилдааны тэмцээн, аавууд болон хөвгүүд, охидын дунд хөгжөөнт буухиа тэмцээнүүдийг зохион байгуулж, амжилттай оролцсон баг, тамирчдыг шагнаж урамшууллаа.
Тус арга хэмжээг Сумын Засаг даргын Тамгын газар, Дундговь аймгийн Цагдаагийн газар, сумын хамтарсан баг, Насан туршийн суралцахуйн нэгж хамтран зохион байгуулсан юм.