loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Багш нарын баярын мэнд хүргэе. | HuduuMN

Багш нарын баярын мэнд хүргэе.

2026-10-02

Эрдэм мэдлэг түгээж, хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж буй эрхэм багш нар, боловсролын салбарын ажилтан, ахмад багш нартаа Багш нарын баярын мэнд хүргэе.

Бид 2026 оныг “Боловсрол, эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд багшийн хөгжил, сургалтын чанар, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад анхааран ажиллаж байна.

Энэ онд боловсролын салбарт нийт 8 тэрбум 288.3 сая төгрөгийн төсөл, арга хэмжээ батлан хэрэгжүүлж байна. Сургууль, дотуур байрны их засвар, сургууль, цэцэрлэгийн гадна тохижилт, сургалтын тоног төхөөрөмж, STEAM хэрэглэгдэхүүнд хөрөнгө оруулж, аймгийнхаа бүх сургууль, цэцэрлэгийн багш нарыг зөөврийн компьютероор бүрэн хангалаа.

“Нэг сургууль–10 клуб” санаачилгаар хүүхэд бүрийн сонирхол, авьяасыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна. Мөн цэцэрлэгийн багш нарын хөдөлмөр, ажлын үр дүнг үнэлэх мэргэжлийн бүлгийн урамшууллын тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.

Дундговь аймаг элсэлтийн шалгалтын дүнгээр 2023–2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 18 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2024–2025 онд тавдугаар, 2025–2026 онд зургаадугаар байрт шалгарлаа. Сүүлийн хоёр жил дараалан эхний зургаан байрт багтсан энэхүү амжилт нь багш, сурагч, эцэг эхийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм.

Дундговь нутгийнхаа ирээдүйг бэлтгэж, хүүхэд бүрийн хөгжил, төлөвшлийн төлөө сэтгэл, зүтгэлээ зориулж буй та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид багшийн хөгжлийг дэмжиж, ажиллах нөхцөлийг сайжруулан, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллах болно.

Эрхэм багш нартаа эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн амжилт хүсье. Эрдэм түгээх үйлс тань өргөжин, шавь нарын тань амжилт арвижих болтугай.

Дундговь аймгийн Засаг дарга С.МӨНХЧУЛУУН