ЗАРЛАН ДУУДАХ МЭДЭГДЭЛ
Цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдэл авсан залуус нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр ороод эрүүл мэндийн байдлаар тэнцсэн л бол цэргийн жинхэнэ албанд татагдаад явдаг гэсэн зөрүүтэй ойлголтоос үүдэн хүндэтгэн үзэх шалтгаангүй ээлжит цэрэг татлагын комиссын үзлэгээс зайлсхийх, өнжих тохиолдлууд байдаг.
Үүнээс болж хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар (26 нас)-т хүрээд цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол хангахад 18–25 насандаа ээлжит цэрэг татлагаар орж хуулийн дагуу чөлөөлөгдөөгүй бол тухайн жилд Засгийн газраас тогтоосон мөнгөний:
долоон жилд – 14 хувь
зургаан жилд – 28 хувь
таван жилд – 32 хувь
дөрвөн жилд – 46 хувь
гурван жилд – 6 хувь
хоёр жилд – 74 хувь
нэг жилд – 88 хувь
цэрэг татлагын үзлэгээ огт ороогүй бол – 100 хувь
тооцож мөнгөн төлбөр тавигддаг.
Тиймээс зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт өөрийн биеэр ирж, эмчийн үзлэгт хамрагдаж байхыг сануулъя.
Та цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцсэн ч Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулиар тухайн жилдээ ээлжит хугацаат цэргийн албаны татлагаас чөлөөлөгдөх үндэслэлүүд байдаг.
Цэргийн албаны тухай хуулиас...
16 дугаар зүйл. Тайван цагт хугацаат цэргийн албанд татахаас чөлөөлөх
16.1. Иргэнийг хугацаат цэргийн албаны цэрэг татлагаас дараахь үндэслэлээр чөлөөлнө:
16.1.1. эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон;
16.1.2. цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа болон хаасан;
16.1.3. эхнэр нь хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон.
16.2. Иргэнийг хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас дараахь үндэслэлээр тухайн жилд түр чөлөөлж болно:
16.2.1. ээлжит цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй;
16.2.2. 60-аас дээш настай эцэгтэй, 55-аас дээш настай эхтэй, хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг, эхтэй, эсхүл эцэг, эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр;
16.2.3. сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй;
16.2.4. эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;
16.2.5. хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон төрсөн ах, эгч, дүүтэй;
16.2.6. хугацаат цэргийн албанд татах иргэний хяналтын тоонд багтаагүй иргэнийг;
16.2.7. гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагад шалгагдаж байгаа болон ял эдэлж байгаа иргэнийг.
16.3. Энэ зүйлийн 16.2-т заасан үндэслэлийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэгсдийн баталгаа, хөгжлийн бэрхшээлтэйг тогтоосон баримт, эмнэлгийн магадалгааг үндэслэн тогтооно.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧОО