“ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХ” ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор “Цэргийн үүрэгтний үнэмлэх” олгох ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 18 нас хүрсэн 300 гаруй сурагч хамрагдаж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн “Эх орноо батлан хамгаалах” иргэний үүргийн талаар мэдээлэл, ойлголт авлаа. Арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Р.Машбат, Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг, Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү болон төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, багийн Засаг дарга нар, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцлоо. Арга хэмжээний хүрээнд залуучуудад хууль эрх зүйн мэдлэг олгох, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр танин мэдэхүйн үйл ажиллагаа зохион байгуулж, Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар анги болон Онцгой байдлын газрын алба хаагчид зэвсэглэл, техник, тусгай зориулалтын хувцас, хэрэгслийн үзэсгэлэн гарган танилцууллаа.
