Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэжон хотын Сан эмнэлгийн хамтын ажиллагааны төвийн Ерөнхий менежер Ян Ён-вонгоор ахлуулсан төлөөлөгчид болон Олон улсын хүмүүнлэгийн байгууллага болох “Ротари клуб”-ын салбар “Мөрөн Хүрээ Ротари клуб”-ын гишүүд Хөвсгөл аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа, Нэгдсэн эмнэлгийн захирал Ю.Энхжаргал, Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцож, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
Төлөөлөгчид аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, Дүрс оношлогоо, Лаборатори, Уламжлалт болон сэргээн засах кабинетын үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл авлаа.
Уулзалтын үр дүнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэжон хотын Сан эмнэлгийн хамтын ажиллагааны төвтэй цаашид хамтран ажиллах, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг туршлага судлуулах, сургаж чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов.
Хөвсгөл аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбарын хамт олон орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Олон улсын хүмүүнлэгийн байгууллага болох “Ротари клуб”-ын салбар “Мөрөн Хүрээ Ротари клуб”-ын гишүүдэд талархал илэрхийллээ.

